Тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлсөн гэж ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан мэдээллээ. 

Мөн зургадугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног үргэлжилсэн нарны хэт халалттай, зарим бүс нутагт долдугаар сард бороотой байсан нь буудайн өсөлт хөгжилтөд нөлөөлж, бутлалт буурах, товчин түрүү үүсэх эрсдэлтэй болжээ. Улмаар Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болсон байна.

Үүнээс гадна үргэлжилсэн их борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж байгаа нь ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байгаа юм.

Одоогийн төлөв байдлаас харахад Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хэвийн байх гэнэ. Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн зарим сумдад ургац бага зэрэг буурах төлөвтэй байна.

Энэ онд улсын хэмжээнд 337.0 мянган га-д улаанбуудай, 14.6 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82.0 мянган га-д тосны, 36.0 мянган га-д тэжээлийн ургамал, тариалсан юм.

Өнгөрсөн жилийн хувьд ургац хураалт сайн байсан ба улаан буудай, төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах ургац хураасан байна.