ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар ажил хаясан багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Засгийн газар Даваа гараг гэхэд ажил хаялтаа зогсоохыг багш нараас хүссэн байна.

Энэ талаар ажил хаяж буй багш нарын төлөөллөөс лавлахад, 'Засгийн газартай тохиролцоонд хүрч чадсангүй. Тиймээс Даваа гарагт ажил хаялтаа зогсоохгүй' гэлээ.

Тэд урамшуулал болгон олгох 300 мянган төгрөгийг энэ сард багтаан олгох, энэ сарын 1 5-ны дотор бүх багш ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сараас цалинг 50%-иас доошгүйгээр нэмэх, ажил хаялтын үеэр гарах эрсдэлийг Засгийн газар хариуцахыг шаардаж байгаа юм.

Харин Засгийн газар 'Төсөвт байгаа боломжоороо багш, эмч, ажилчдын цалинг нэмсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцитай уялдуулан үе шаттай нэмнэ. Улсад 30 мянган багшийн цалинг нэмэх эдийн засгийн боломж байхгүй' гэжээ.  

Сануулбал, Засгийн газар багш нарын цалинг 8-12 хувиар нэмэх шийдвэр гаргаж, мөнгөн урамшуулал хэлбэрээр олгох 300 мянган төгрөгийг есдүгээр сарын нэгнээс сургуулиудын цалингийн дансанд оруулахаар болсон юм.

Мөн 2019 оноос цалинг 50 хувиар нэмэх асуудлыг зөвшилцлийн замаар шийдэж, үе шаттайгаар нэмнэ гэжээ.