МАН-ын бүлэг валютын ханш, шатахууны өсөлтийн талаар авч хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.

Тус намаас Монголбанктай хамтран валютын ханшийг тогтворжуулах талаар хэлэлцсэн байна. Одоогоор Монголбанканд 2.8 тэрбум долларын нөөц бий. Хэдийгээр ийм хэмжээний нөөц байгаа ч доллар өмнөх саруудаас 130 гаруй төгрөгөөр нэмэгдсэн юм.

Харин албаныхан үүнийг Америк Хятадын хоорондох худалдааны дайн болоод, манай улсын импортын эрэлтээс үүдээд нэмэгдсэн гэдэг тайлбар өгч байна. Монголбанкнаас цаашид долларын ханш өсөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд, Засгийн газартай хамтран ханшийг бууруулах тал дээр арга хэмжээ авч ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн долларын ханшийн өсөлтөөс үүдээд шатахууны үнэ дахин нэмэгдээд байна. Харин МАН шатахууны үнэтэй холбогдуулан Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн гэлээ.

Тухайлбал, шатахууны үнийг өмнөх шиг НӨАТ болон онцгой албан татварын хуулиар зохицуулах боломжтой эсэх, гадны шатахуун нийлүүлэгч компанитай гэрээ хийх байдлаар тохирсон хугацаанд тогтмол үнээр нийлүүлэх зэрэг аргыг судлахаар болжээ. Мөн Засгийн газраас шатахууны асуудлаар Оростой тодорхой яриа хэлцэл хийж байгаа гэдгийг хэллээ.

Түүнчлэн МАН бүлгээс валютын зохицуулалтын тухай хуультай хамт Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхээр болж, ирэх долоо хоногоос УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.