Засгийн газарт өрийн дарамт үүсгэж, барих шилжүүлэх журамтай 20 орчим концессын гэрээ байгаа ба эдгээрээс зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг үлдээж бусад гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.

Тухайлбал, Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийг авто замын концессын гэрээ,  Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх суманд холбох 130 км замын гэрээ, мөн концессоор бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих багц гэрээ тэргүүтэй 11 гэрээг цуцлах юм.

Эдгээр гэрээг байгуулаад их хугацаа өнгөрсөн ч ААН-үүд гэрээт үүргээ гүйцэтгээгүй учир ийнхүү цуцлахаар болсон байна. Мөн цаашдаа үнэлгээний шатанд явж буй 4-5 гэрээг цуцлах асуудлыг судалж байгаа бөгөөд үүнд Гангийн үйлдвэр барих, Хөтлийн цементтэй холбоотой концессын гэрээ багтжээ.

Эдгээр гэрээнүүдэд үнэлгээний комисс гарган тухайн газарт очин судлаж, ирэх Засгийн газрын хуралдаанаар цуцлах шийдвэр гаргахаар болсон байна. Харин дараах концессын гэрээгээр хэрэгжиж буй ажлуудыг үргэлжлүүлэхээр болжээ. Үүнд:

  • Говийн бүсийн уул уурхайнуудад үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл,
  • Тавантолгой- Ханбогд-Ханги чиглэлийн замын гэрээ,
  • Үр тарианы 51 хувийг нийлүүлдэг Дархан-Сэлэнгийн замаас Шаамар-Зүүнбүрэн-Түшиг чиглэлийн 120 гаруй хатуу хучилттай замын концессын гэрээг үргэлжлүүлнэ.

Ингэхдээ эдгээр гэрээнд өөрчлөлт оруулж Засгийн газраас ямар нэгэн санхүүжилт болон санхүүгийн батлан даалт гаргахгүйгээр барих-шилжүүлэх журамтай байсныг барих, ашиглах, шилжүүлэх журмаар гүйцэтгүүлэхээр болсон байна.

Сануулахад, он гарсаар эхний улиралд улсын нийт гадаад өр 29.5 тэрбум доллар, Засгийн газрын нийт өр 22.4 их наяд төгрөг болж өсөөд байгаа юм.