Засгийн газрын хуралдаанаар төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэн, баталлаа.

Бодлогыг хэрэгжүүлснээр авто тээврийн салбарыг хөгжүүлэх, тээврийн бусад төрлүүдтэй хосолсон үндэсний тээврийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, цаашлаад олон улсын болон бүс нутгийн тээврийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэх гэнэ.

Өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ, салбарын хөгжлийг тодорхойлох үүднээс авто тээврийн салбарт баримтлах бодлогыг зургаан бүлэг, 57 заалттайгаар боловсруулан гаргажээ.

Мөн тус салбарын эрх зүйн орчин, ажил үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтаар хангах, тээврийн сүлжээг хот, суурингийн төлөвлөлттэй уялдуулах, байгальд ээлтэй, авто тээврийн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээг бий болгох, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг үндсэн найман стратегийн зорилтыг дэвшүүлсэн байна.

Тээврийн салбар манай улсын эдийн засаг нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой. Өргөн уудам нутаг дэвсгэртэй ч дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, тээвэрлэлтийн гүйцэтгэлээс харахад нийт зорчигч тээврийн 98 хувийг ачаа тээврийн, 65 хувийг авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Үүнээс гадна Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамт барих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.