УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, С.Бямбяцогт, Д.Ганболд нарын дөрвөн гишүүн Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Цэцэд гомдол гаргалаа.

Тэд төрийн дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж, Үндсэн хуулиар заасан төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн үндсэн зарчим зөрчигдсөн гэлээ.

Тэр тусмаа хууль тогтоомж хэрэгжүүлэх төрийн дээд байгууллага болох Засгийн газар үүнийгээ зөрчиж гишүүд, сайд нар санаатайгаар чуулганы болоод байнгын хороодын ирцийг бүрдүүлэхгүй байгаа гэсэн юм.

Дээрх гишүүд Засгийн газар болоод УИХ-ын тухай хуульд Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж хууль биелүүлэх үйл ажиллагааг УИХ-ын өмнө хүлээнэ, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах зэрэг зүйл заалт зөрчигдсөн гэж үзжээ.

Харин эдгээрийг үндэслэн Цэцээс Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл болно гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ.

Сануулахад, өнгөрсөн сарын 22-нд УИХ-ын 40 гаруй гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж бойкот зарласан юм. Тэдний зүгээс М.Энхболдыг УИХ-ыг даргалах ёс зүйгүй хэмээн үзэж гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд бойкот зарласнаа мэдэгдээд буй.

Харин өнөөдөр түүнийг дахин огцрохыг шаардаж 38 гишүүн гарын үсэг зурж, албан тоот өргөн бариад буй. Эрх баригч нам хагаралдаж, дотроо ийнхүү хоёр хуваагдсан энэ гурван долоо хоногийн хугацаанд утаа, өвөлжилт, сайдын томилгоо зэрэг олон чухал асуудал гацаанд байсаар байна.