ЗТХЯ-ны сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт баруун бүсийн аймагт ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, салбарын зарим бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа.

Тэрбээр энэ сарын 24-нд Завхан аймагт ажиллаж, тус аймгийн Доной нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явгалах зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байна.

Ингэснээр тус нисэх буудлын аэродромд 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай 2860х30 метр хөөрч буух зурвас, 300х15 метр тоосгүйжилтийн талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром, 5400 метр ус зайлуулах сувгийг байгуулжээ.

Завхан аймгийн Доной нисэх буудал нь 1956 онд Алдархаан сумын нутагт орших Донойн хөндийд байгуулагдаж байсан түүхтэй юм.

Засгийн газраас орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах үүднээс зарим аймгийн нисэх буудлалд ийнхүү шинээр бүтээн байгуулалт хийж байна.

Сануулахад, Увсын дэглий цагаан нисэх буудалд улсын төсвийн хөрөнгөөр өргөтгөл хийж, орон нутагт дахь анхны олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болгосон юм.

ЗАВХАН АЙМГИЙН ДОНОЙ НИСЭХ БУУДЛЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗУРВАСЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА