Иргэд банкнаас өндөр хүүтэй газар мөнгөө хадгалахыг хүссэнээр олнайн зээлийн үйлчилгээ хөгжиж эхэлсэн юм. Харин сүүлийн өдрүүдэд Хятадын засгийн газраас зээлийн үйлчилгээний сайтуудыг хаах болсноор иргэд мөнгөө алдаж байгаа гэнэ.

Энэ талаар нэгэн барилгын компаний менежер, “Би Tourongjia.com сайтад 40 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл өнгөрсөн сард сайт гэнэт хаагдсан нь үнэхээр итгэмээргүй явдал болсон. Үүнээс болж эцэг эхийнхээ хадгаламж, найзуудаасаа зээлсэн, орон сууц авахаар хадгалж байсан бүх мөнгөө алдсан” гэв.

Өнгөрсөн сард уг сайттай холбоотой 13 хүнийг хорьсон бөгөөд захирал нь ор сураггүй болсон талаар Хятадын засгийн газар мэдэгдэж байжээ. Одоогоор цагдаагийн газар тус сайтыг шалгаж байгаа юм.

Хятадын банкууд төрийн өмчийн томоохон компаниудад зээл өгөх сонирхолтой байдаг. Харин Tourongjia зэрэг сайтууд жижиг дунд бизнес эрхлэгчдэд олон удаагийн давтамжтай зээл олгодог юм.

Засгийн газар эхэндээ тэдний үйл ажиллагааг дэмжиж байсан ч зах зээлийн сул хяналтыг ашиглан луйврын гэмт хэрэг хийх болсон гэдгийг “Кайюан капитал” хөрөнгө оруулалтын фирмийн менежер Брок Силверс хэлж байв.

Хятадын засгийн газар энэ тал дээр хатуу арга хэмжээ авч эхэлсэн юм. Үүний үр дүнд өнгөрсөн 5-7 сарын хооронд хаагдсан зээлийн үйлчилгээний сайтуудын тоо 28-218 болжээ.

Зээлийн сайтын үйлчлүүлэгчид алдсан мөнгөө эргүүлэн авахаар Даваа гарагт Хятадын төв банкны үүдэнд эсэргүүцэл зарласан ч тэднийг цагдаа нар тараасан байна.

Төв банкны зүгээс аюултай зээлийн үйлчилгээг нь цэгцлэх тал дээр арга хэмжээ авна гэхээс өөр хариу өгөөгүй юм. Гэсэн ч хохирсон иргэд үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN