Зимбабвегийн ерөнхийлөгч асан Роберт Мугабе 150 мянган доллартай цүнхээ хулгайд алджээ. Хэрэг хэзээ гарсан нь тодорхойгүй байгаа ба гурван хүнийг сэжигтнээр баривчилсан байна. Тэдний дунд Мугабегийн хамаатан Константина Мугабе байгаа ба тэрээр ерөнхийлөгчийн Звимба дүүрэг дэх гэрийн түлхүүрийг олж бусдадаа тусалсан гэнэ.

Сэжигтнүүд хулгайлсан мөнгөөрөө машин, орон сууц, амьтан худалдаж авсан гэж мэдүүлжээ.

Өдгөө 94 настай Роберт Мугабе 37 жилийн турш Зимбабве улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 2017 онд цэргийн хүчээр суудлаасаа буусан байна. Тэрээр тэтгэвэрт гарсныхаа дараа алхах боломжгүй болж Сингапурт эмчилгээ хийлгэж байсан ба хэрэг гардаг өдөр гэртээ байсан эсэх нь тодорхойгүй байна.

Мугабе эх орноо хэзээ ч өрөнд оруулахгүй гэж амласан ч эдийн засгийн хямралын үеэр тансаг амьдралд умбасан гэж шүүмжлүүлж байжээ.

Зимбабвед Америк долларын үнэ маш өндөр байдаг ба данс эзэмшигчид хадгаламжаа буцаан авахын тулд хэдэн цагаар банкны үүдэнд оочерлодог байна. Гэвч тэд тодорхой хэмжээний мөнгийг үлдээх ёстой бөгөөд энэ нь доллартай харьцуулахад үнэлгээ багатай байдаг гэнэ.

Эх сурвалж: BBCBusiness live