НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэ оныг Ажлын байр, боловсрол, ур чадвар уриан дор зарласантай холбоотойгоор  аялал жуулчлалын салбарын Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт улс орон даяар эхэллээ.

Тодруулбал,  зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн есөн чиглэлээр 15 мянган иргэнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулах юм. Мэргэшүүлэх сургалтыг орон даяар зохион байгуулна.

Ингэснээр тус сургалтын дүнд иргэд ажлын байртай болж ядуурлыг бууруулан зочлох үйлчилгээний салбарын чанар дээшилнэ гэж БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат хэллээ.

Энэхүү сургалт анх удаа зохиогдож байгаа ба Улаанбаатар, төв, хангай, зүүн, баруун, говийн бүсэд нэгдсэн байдлаар зургадугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулах юм. Сургалтад хамрагдсан иргэд мэргэшсэн чиглэлийн дагуу сертификаттай болж амралт жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах нөхцөл бүрдэнэ.

Манай улсын хувьд өнгөрсөн онд анх удаа хагас сая гаруй гадаад жуулчин хүлээн авч,  569 сая долларын орлого олжээ. Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460  зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 54 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.

Засгийн газраас 2020 он гэхэд Монголд ирэх гадаадын жуулчдын тоог нэг саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум долларт хүргэх зорилт тавьсан юм.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтэд манай улс 136 орноос 102-т бичигдсэн байна. Тус үзүүлэлтэд манай улсын олон улсад нээлттэй байдал, агаарын тээврийн дэд бүтэц, газрын боомт, дэд бүтцийн хөгжил, жуулчны үйлчилгээний дэд бүтэц зэрэг доогуур үнэлгээ авчээ.