Техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж буй өнөө үед ажлын байрны нөхцөл улам бүр уян хатан болсоор байна. Гэсэн  хэдий ч албан бус салбарт ажиллаж байгаа залуус цалин багатай, баталгаагүй, хөдөлмөрийн нөхцөл тааруу, нийгмийн хамгааллын үр шимийг хүртэхгүй үлдэх зэрэг эрсдэлд өртөж байгааг мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм.

Албан бус салбарт хувийн байгууллага, хөдөлмөрийн гэрээ хэлэлцээр хийгээгүй ажлын байр зэрэг орно. Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, мэдлэг олгох шаардлага байсаар байна.

Та зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрхийн талаар хэр сайн мэдэх вэ? Залуучууд хөдөлмөрийн зах зээлд анх хөл тавихдаа энэ талын ойлголт мэдлэг хомс байгаа нь тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаагийн нэг шалтгаан болж байгаа юм.

Түүх: "У" жилийн өмнө их сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажиллахаар хэд хэдэн компанид материалаа өгсөн боловч тэнцсэнгүй. Ингэсээр нэг жил өнгөрчээ. Тогтвортой хүссэн ажлаа олтол түр ажил хийхээр шийдлээ. Гэхдээ тэрээр хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй. Учир нь түүний ажил олгогч түр зуурын ажил учраас шаардлагагүй гэж хэлэхэд "У" ч мөн адил санал нийлэв.

Үүнтэй адил хөдөлмөрийн гэрээ хийхгүй байх үзэгдэл олон залуучуудад нийтлэг тохиолддог гэхэд хилстэхгүй. Үүнээс үүдээд олон залуучуудын зохистой хөдөлмөрлөх нөхцөл зөрчигддөг. Нөгөө талаараа залуучууд хөдөлмөрлөх эрхээ мэддэггүйтэй холбоотой.

Ажилчдыг ажлын байранд нас, хүйс, арьсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл эсвэл бусад шалтгаанаар ялгаварлан гадуурхахгүй байх ёстой гэдгээс эхлээд зохистой хөдөлмөр яригдаж эхэлнэ.

Зураг: investorsinpeople

Үүнд, гэдэгт хангалттай цалин хөлс, ажлын байрны аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, өөрийгөө хөгжүүлэх боломж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, тэгш эрх, боломжоор хангагдах зэргийг ойлгож болно.

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенц болон ажилчдын эрхийг хамгаалах хэд хэдэн конвенцод нэгдэн орсон бөгөөд үндэсний хууль тогтоомжууд, тухайлбал Хөдөлмөрийн тухай хууль нь эдгээр олон улсын гэрээний заалтуудтай нийцэж байх ёстой.

Хөдөлмөрийн гэрээ хийгээгүйн улмаас залуучууд олон боломжоо хааж, өөрийгөө эрсдэлд оруулж байгаа юм. Тодруулбал, та хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаад гэмтвэл байгууллагаас болон даатгалаас нөхөн төлбөр авч чадахгүй. Түүнчлэн илүү цагаар ажиллуулсан тохиолдолд тэр цагийг тооцон нөхөн төлбөр олгох заалттай.

Энэ мэтчилэн хохирохгүйн тулд хөдөлмөрлөх эрхээ мэдэх, тэрхүү эрхээ хэрэгжүүлэх, хамгаалуулах зэргийг ажил олгогчоос шаардах эрх танд бий.