Бид тоймлоё, Та унш

2020.04.17 Баасан                              16°C                2,782  Нүд бүрэлзэн улцайна.

Чухлыг тоймлоё 

ZOOM-ээр зохион байгуулсан Хүний эрх" цахим уулзалт хакердуулжээ

Хүний эрхийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “COVID-19 ба Хүний эрх” сэдэвт цахим уулзалтыг өнөөдөр Zoom аппликэйшнээр зохион байгуулсан юм.  Гэтэл тус цахим уулзалт дундаа хакердуулсан хэрэг гарлаа.Өөрөөр хэлбэл, тухайн хуралд оролцож байсан оролцогчдыг хэлэлцэх үеэр Zoom-ийн хуралд гадны хэрэглэгч урилгагүйгээр орж ирж, доромжилсон зүй бус зүйл гаргасан юм.

 

500 гаруй мянган хэрэглэгчийн мэдээллийг зарж байжээ

Цахим аюулгүй байдлын Cyble компанид BleepingComputer-ийн мэдээлснээр одоогийн байдлаар Zoom-ийн 500 гаруй мянган хэрэглэгчийн мэдээлэл хууль бус цахим хаяг(dark web)-уудад байршиж байгаа юм. Cyble-ийн мэдээлснээр тэдгээр хаягийг нэг доллар ч хүрэхгүй үнээр худалдаж, заримыг нь бүр үнэгүй байршуулсан бөгөөд ихэнх нь өмнө нь хакердуулж байгаагүй шинэ хаягууд байсан аж. Ийнхүү байршуулсан хаягуудыг ашиглан Zoom-ийн хуралд урилгагүйгээр орж ирж, доромж агуулга оруулж ирдэг троллинг хэлбэрээр ашиглах боломжтойг мэдэгджээ. Cyble-ийн мэдээлснээр Zoom-ийн хэрэглэгчийн и-мэйл хаяг, нууц үг, уулзалтын хувийн URL, хостын түлхүүр буюу уулзалтыг удирдуулахад ашиглагддаг зургаан оронтой ПИН код бүхий мэдээлэл агуулсан 530,000 хаягийг тус бүрийг нь 0.002 ам.доллароор худалдан авах боломжтой байжээ.

 

Энэ талаарх зарим албаны мэдэгдэл!

Мөн өчигдөр ТЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг ажиллагаа явуулж буй гадаадын тусгай албадын үйл ажиллагаа сүүлийн үед эрчимжих хандлагатай байгааг дурдсан байна.  Гадныхан ихэвчлэн манай улсын иргэдийн эдийн засгийн эмзэг байдлыг далимдуулан мөнгө төгрөг, шагнал урамшуулал өгч хариуд нь мэдээ, мэдээлэл авах зэргээр үйлдэгдэж байна. Иймд ард, иргэдийг гадаадын тусгай албадын үйл ажиллагаанд өртөхөөс сэрэмжлүүллээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “...Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө...” гэсэн хуулийн зохицуулалттай тул тухайн гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг Тагнуулын байгууллагад даруй мэдэгдэж байх нь өөрийгөө болон улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа чухал үйлдэл юм гэжээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

БНСУ-ын парламентын сонгууль өчигдөр болж, өндөрлөлөө. Сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Ардчилсан нам үнэмлэхүй ялжээ. Энэ удаагийн ялалт нь эрх баригчдын коронавируст цар тахлын эсрэг ажлыг дүгнэсэн ард түмний дүгнэлт болж байгааг онцолжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд өсч, дараагийн сонгуульд ялалт байгуулах нөхцөл бүрдэж байгааг дурдсан байна. Саналын хуудсын 90 гаруй хувийг одоогоор тоолж дууссан бөгөөд эрх баригч Ардчилсан намын эвсэл 180 суудал буюу нийт суудлын тавны гурвыг авах төлөвтэй байгаа бол сөрөг хүчний Нэгдмэл ирээдүй намын эвсэл 103 суудал авах төлөвтэй байна.Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн БНСУ-д сүүлийн мэдээллээр 10600 орчим хүн халдвар авсан хүнд хэцүү цагт сонгууль болов.


 

Ялалтын баярын парад хойшилжээ

Жил бүрийн тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярын сүрт жагсаалыг хойшлуулсан талаар Кремль мэдээлжээ. Хэдий хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд зарлах юм байна. Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойн баярын өдрийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр буюу 1945 онд Маршал Георгий Жуковоор удирдуулсан парад болсон өдөр, эсвэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж магадгүй гэжээ. ОХУ-д коронавирусын 24490 тохиолдол бүртгэгдэж, 1986 хүн эдгэж, 198 хүн нас бараад байна. Энэ жилийн ялалтын парадад Монгол цэргүүд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа.  Цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалж байна.


 

  • Сагсан бөмбөгийн домогт тамирчин  Коби Брайант  хамгийн сүүлд 2016 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Юта Жазз” багийн эсрэг тоглож, 60 оноо авч байлаа. Түүний эхнэр Ванесса Брайант нөхрийнхөө сүүлийн тоглолтын ойд зориулсан бичлэгийг  инстаграм хуудсандаа оруулжээ. Ванесса “Миний нөхөр 20 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсөн. Тэр сагсан бөмбөгт өөрийгөө бүрэн зориулсан. Гэр бүлдээ зориулж чадалгүй алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд тэр охидтойгоо л хамт байхыг хүсдэг байлаа. Коби охидынхоо амьдралын чухал үе болгонд хамт байхыг хүсэж байсан. Би тэр нэгэн өглөөг эргүүлэн авчрахыг өдөр бүр хүсдэг. Нэгдүгээр сарын 26-нд тэд зүгээр л сагсан бөмбөг тоглосон болоосой гээд л. Амьдрал үнэхээр шударга бус юм. Ямар ч утгагүй” гэж бичжээ.

 

 

Таны Сонорт 


Зургаан метрээс дээш өндөр шилмүүст мод ойгоос авсан бол 977,130 төгрөг төлнө

Өдрийн тойм Статистик 


Дани улсын эрдэмтэд наснаасаа залуу харагддаг хүмүүс илүү урт насалдаг болохыг тогтоожээ. Учир нь ийм хүмүүсийн бодисын солилцоо нь илүү идэвхтэй байдаг аж.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр