Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны шинэ буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-г нэвтрүүлэхээр боллоо.

Уг систем нь хилийн хяналтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

Тухайлбал, урьдчилсан систем нь зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполын мэдээллийн сан, нисэж болохгүй-анхаарах зорчигчдын мэдээлэл болон виз, бусад мэдээллийн сангаас хайж тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундийн дотор илгээдэг байна. Энэ системийг дэлхийн 70 гаруй орон нэвтрүүлсэн гэнэ.

Сануулахад, наймдугаар сард Америкийн эрчим хүчний яамнаас 2.1 сая доллар буюу 5.2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг  буцалтгүй тусламжаар манай улсад өгсөн юм.

Эдгээр төхөөрөмжийг мөн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулах ба цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх зэрэгт хяналт тавих юм.