Зам тээвэр хөгжлийн яамны эрх бүхий албан тушаалтан нэгнийхээ аминд хүрсэн талаар мэдээлэл олон нийтэд тараад байгаа юм. Уг хэргийн талаар Пүрэв гарагт Зам тээврийн яамны гадаа хүн нас барсан гэдэг дуудлага Цагдаагийн байгууллагад 21:45 минутад ирсэн байна.

Цагдаагийн байгууллагийн урьдчилсан шалгалтаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга “М” гэгч нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга “Г” гэгчийн амь насанд халдсан нь тогтоогджээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн дагуу хүний амь санаатайгаар хохироосон гэх зүйл ангиар хэрэг бүртгэл нээн, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэнэ. Мөн хохирогч “Г”-н үхлийн шалтгааныг шүүхийн шинжилгээний газрын задлан шинжилгээний дүгнэлтээр тогтоолгоно гэж мэдэгдлээ.

Гэвч цахим орчинд тараад байгаа албан тушаалын маргаанаас үүдээд нэгнийхээ амь насанд хүрээгүй бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас энэ хэрэг үүдсэн гэнэ. Мөн тэднийг ажлын байрандаа архидан согтуурсан эсэхийг мөрдөн байцаах ажлын явцад тогтоох бөгөөд одоогоор дүгнэлт гараагүй гэж ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр хэллээ.