Замын ачаалал түгжрэлийг бууруулах үүднээс нийслэлээс Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг ажлын хэсэг түгжрэлийг бууруулах хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, ажлын хэсэг эхний ээлжинд зуслангийн чиглэлд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Мөн зуны улиралд зуслан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг учир ирэх долоо хоногоос Зуслангийн замд Хөврөх эгнээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ нь өглөөд зуслангаас хот руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг учир  хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг, оройд зуслан руу чиглэсэн нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг юм.

Цаашид ямар замуудад хөврөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хоёр түвшний замын судалгааг гарган ирэх долоо хоногоос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Яармагийн гүүрийн  авто замын өнгөн хучилтын ажлыг энэ сарын тавнаас эхлүүлж, хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасантай холбогдуулан тухайн чиглэл буюу Нисэх, Яармаг чиглэлд нилээдгүй ачаалал үүсээд байсан юм.

Гүүрийн хучилтын ажил маргааш дуусах байсан ч хучилт дууссан учир Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн бүрэн нээлээ. Тус гүүрийн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хийж эхэлсэн юм.