Зүүн аймгийн ихэнх нутаг, баруун болон төвийн аймгийн зарим газар, говийн аймгийн нутгийн хойд хэсгээр өнөөдөр бороо, нойтон цас орж, зарим газраар хүчтэй цасан шуургатай байна.

Ийнхүү цаг агаар муудсантай холбоотойгоор зарим аймаг руу зорчих замыг түр хаагаад байна. Тухайлбал зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоолоо.

Тус чиглэлийг зорих иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэлд зорчихгүй байхыг ТЦА-аас анхаарууллаа.

Түүнчлэн цаг агаарын урьдчилсан мэдээллээр маргааш, нөгөөдөр баруун аймгийн ихэнх нутаг, төвийн аймгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орох төлөвтэй байна. Мөн энэ хугацаанд салхи ихэнх нутгаар 14-16 м/с Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх юм.

Иймд хөдөө орон нутаг, хол замд явж буй жолоочид аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг албаныхан анхааруулж байна.

Зураг: ТЦА