Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336-р ангид алба хааж байсан 19 настай хүү энэ сарын 22-нд амь насаа алдсан юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөө.

Тодруулбал, 336-р ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр, захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраа, ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарт хариуцлага тооцсон байна.

Ийнхүү захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилжээ. Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт  албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөх гэнэ.

Нас барсан цэргийн асуудлыг одоогоор хуулийн байгууллага шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлт гараад байна. Харин талийгаач хүүгийн гэр бүлийн зүгээс зодсоны улмаас нас барсан гэж үзэж байгаа юм. Мөн цэргийн ангийн зүгээс “Талийгаач цэргийг цохисон нь үнэн” хэмээн мэдэгдээд байна.